|
Архидалт гэж юу вэ?
Саяхныг хүртэл архидалтыг ёс зүйн доройтлын асуудал гэж үздэг байсан. Өнөөдөр олон хүмүүс үүнийг гол төлөв эрүүл мэндийн ассудалтай холбон үзэх болжээ. АА нийгэмлэгийн хувьд архидалтыг өвчлөл, тэр дундаа маш хурдацтай даамжирдаг өвчлөл гэж тайлбарладаг. Уг өвчлөл нь хүний бие махбодь, сэтгэл санааны мэдрэмжид нөлөө үзүүлдэг. Бидний үзэж байгаагаар архи уудаг хүмүүс өвчинд нэрвэгдсэн хүмүүс бөгөөд АА нийгэмлэгээс санал болгож буй 12 алхамын хөтөлбөрийг дагаж мөрдсөнөөр уг өвчнөөс ангижрах боломжтой болно.
АА нь таньд хэрэгтэй юу?
Уг нийгэмлэгийн талаархи санал бодлоос тань хамааран АА-д хамрагдах эсэх шийдвэрийг зөвхөн та л гаргаж чадна. Бид өөрсдийн архидан согтуурах зуршлаа таслан зогсоох чадваргүй болсноо нэгэнт ухамсарлан ойлгосон болохоор АА-д хандаж ирсэн юм. Цаашид дахин архийг аюулгүй байдлаар тааруулан хэрэглэх боломжгүй болсноо хүлээн зөвшөөрөх нь бидэнд амаргүй байсан. АА-ийн бусад гишүүдээс өөрсдийн өвчлөлийн талаар олж сонссон билээ. /Бид яг энэ тухай олон жилийн туршид бодсоор ирсэн билээ!/ Энэхүү дордмол байдлаасаа гутаж, байнгын гэмшил, ганцаардал, горьдлого тасрах зэрэг сэтгэлийн зовлонгоос шаналж буй цорын ганц хүмүүс биш гэдгээ бид олж мэдсэн билээ. Бид архидалт хэмээх өвчлөл хүрсэн болохоор ийнхүү сэтгэл санааны зовлонг эдэлж байжээ. Тиймээс ч архи хэрхэн бидний амьдралыг сүйтгэн нураасан болохыг бодит нүдээр олж харахаар шийдсэн юм. Энэхүү товхимолд бид хэдэн асуултанд үнэнчээр хариулахыг хичээлээ. Хэрэв дөрөв ба түүнээс дээш тооны асуултанд ТИЙМ гэж хариулвал таны архидан согтуурах асуудал үнэнхүү ноцтой болсныг илэрхийлж байгаа болно. Та өөрийнхөө байдлыг дүгнэж үзнэ үү. Гагцхүү өөрт тулгарсан бэрхшээлтэй асуудалд үнэн бодитоор хандах нь ичгүүртэй явдал огт биш гэдгийг бүү мартаарай.
- Урьд өмнө архийг долоо хоног уухгүй байхаар шийдсэн боловч хоёр хоногоос хэтэрч чадалгүй дахин уух явдал танд тохиолдож байсан уу? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
АА дахь ихэнхи хүмүүсийн хувьд өөрсөддөө болон ар гэрийнхэндээ төрөл бүрийн амлалт өгч байсан удаатай. Харин АА-д хандан ирсний дараа “Зөвхөн өнөөдрийг архи уулгүй өнгөрөөхийг хичээ.” гэж АА бидэнд хэлсэн юм. /Өнөөдөр архи уухгүй бол та өнөөдөр согтож чадахгүй билээ./
- Бусад хүмүүс таныг шүүмжлэн, юуг яаж хийх ёстойг танд байнга сануулж хэлэхээ больж таныг тайван орхихыг хүсдэг үү? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
АА дахь хүмүүс бие биендээ юу хийх ёстойг хэлдэггүй. Бид зөвхөн өөрсдийн архидалтын туршлага, үүнээс гарсан зовлон бэрхшээл ба хэрхэн архи уухаа больсон туршлагаа өөр хоорондоо аминчлан ярьж хуваалцдаг билээ. Хэрэв та хүсвэл бид танд баяртайгаар туслах болно.
- Согтохгүй байх үүднээс нэг архины төрлийг нөгөөгөөр орлуулж байсан удаатай юу? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
Бид төрөл бүрийн аргыг хэрэглэж үзсэн. Бид архийг шингэрүүлж ууж ч үзсэн. Эсвэл зөвхөн шар айраг ууж ч үзсэн. Тэрчлэн аливаа төрлийн коктейл уулгүй байж ч үзсэн. Зөвхөн долоо хоногийн сүүлд л ууж ч үзсэн. Бүхий л арга замыг хэрэглэсэн. Гагцхүү архи бүхий зүйлийг уух тохиолдол бүрт бид заавал ч үгүй согтсон байдаг байсан.
- Сүүлийн жилд та өөрийн хувьд ямар нэгэн гажиг зүйлийг ажигласан уу? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
Та заавал архи ууж байж л өдрийг эхлүүлдэг үү? Эсвэл зөвхөн архи ууж байж л өөрийн бие дэхь чичрэлтийг зогсоож чаддаг уу? Тийм бол таны архидалт нэгэнт “хүндэрсэн хэлбэрт” орсныг илтгэж байгаа юм.
- Аливаа хэрэг төвөгт оролгүйгээр архийг хэрэглэж чадаж байгаа хүмүүст атаархдаг уу? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
Бид яагаад бусад хүмүүсийн адил архийг хэмжээнд нь тааруулан хэрэглэж чадахгүй байгаа талаар үе үе бодлогошрож байсан удаатай.
- Сүүлийн жилд та өөрийн архи уух явдалтай холбогдуулан аливаа хэрэг төвөгт орооцолдсон удаатай юу? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
Өөрөө өөртөө үнэнч бай! Хэрэв та нэгэнт архинд орсон бол үргэлжлүүлэн уух нь таны байдлыг сайжруулахгүй бөгөөд харин ч улам бүр дордуулах болно гэж эмч нар хэлдэг. Архидалт нь таныг нэг л өдөр үхэлд хүргэнэ. Эсвэл аль нэгэн эмчилгээний газар насан туршдаа үлдэх болно. Таны ганцхан итгэл найдвар бол архи уухаа зогсоох явдал юм.
- Архидалт нь таны гэр оронд аливаа зовлон бэрхшээл учруулсан уу? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
АА-д ирэхээс өмнө бидний архи уух явдал нь эргэн тойрны хүмүүс ба ягз бүрийн бэрхшээлт асуудлуудаас шалтгаалж байсан гэж бодож байсан билээ. Харин архидалт нь эдгээр бүх асуудлыг улам бүр хурцатгаж байгааг олж харах тэнхээгүй байжээ. Архидалт нь ямар ч асуудал шийдэж байгаагүй билээ.
- Аль нэгэн үдэшлэг, нийтийн ажиллагааны үеэр та “нэмэлт” архи олж уухыг оролдож байсан удаатай юу? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
Аливаа үдэшлэг, нийтийн ажиллагаа явагдах тохиолдолд бид урьдчилан “хэд хэдэн” хундага архийг уудаг. Тэгээд архин төрлийн зүйлийг хурдан авчирч үйлчлэхгүй байх тохиолдолд бид өөр газарт очиж нэмж уудаг байсан.
- Та өөрийн мэдэлгүй согтчихдог хэрнээ хүссэн үедээ архи уухаа зогсоож чадна гэж өөртөө хэлдэг үү? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
Бид өөрсдийн хүслээр архи уудаг гэсэн хуурамч бодолд өөрсдийгөө итгүүлдэг байсан. Архи ууж эхэлсэн л бол нэгэнт зогсоох чадваргүй болсон гэдгээ АА-д ирсний дараа л олж мэдсэн билээ.
- Архи ууснаас болж ажил, сургуулиа тасалж байсан удаатай юу? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
Архинд согтсон эсвэл шартсан байх үедээ бид “өвчин хүрсэн” гэж ажил, сургууль руугаа утасддаг байснаа бид хүлээн зөвшөөрсөн билээ.
- Та “ухаан алдсан” удаатай юу? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
Хэдэн цагаар эсвэл өдрөөр архи ууснаа санахгүй байхыг бид “ухаан алдалт” гэж нэрлэдэг юм. Бид АА-д ирсний дараа энэ нь архичин болсныг илэрхийлэх шинж тэмдэг гэдгийг олж мэдсэн билээ.
- Хэрэв та архи уудаггүй байсан бол таны амьдрал илүү сайн байх байсан гэж бодож байсан уу? ТИЙМ ..... ҮГҮЙ ......
Архи нь амьдралыг хялбар мэт санагдуулж байсан тул бид архийг ууж эхэлсэн билээ. Харин АА-д ирэхэд занганд орсон мэт санагдаж билээ. Бид нэг ёсондоо амьдрахын төлөө архи ууж, архи уухын төлөө амьдардаг болсон байсан. Бид энэ байдлаасаа залхаж, ядарсан байсан.
Таны оноо хэд вэ?
Та дээрхи асуултуудад дөрвөөс илүү удаа ТИЙМ гэсэн хариулт өгөв үү? Хэрэв тийм бол та архинд орсон нь лавтай болов уу. Бид яагаад ингэж хэлэх болов? Яагаад гэвэл АА-ийн мянга мянган гишүүд үүнийг олон жилийн туршид хэлсэн болохоор. Тэд өөрсдийн энэхүү үнэн бодит байдлыг хатуу бэрх замаар олж мэдсэн юм.
Гэвч, АА нь танд хэрэгтэй эсэхийг зөвхөн та л шийдэж чадна. Энэхүү сэдвийн талаар нээлттэй байдлаар, ойлголттой хандахыг хичээнэ үү. Хэрэв та ТИЙМ гэж хариулсан бол бид хэрхэн өөрсдийн архи уух явдлаа зогсоож чадсаныг танд баяртайгаар харуулах болно. Бидэнтэй утсаар холбоо барихад л хангалттай.
АА нь таны амьдралд тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэж өгнө гэж амлахгүй. Харин хэрхэн “өдрөөс өдөрт” архи уулгүй амьдрахыг сурч байгаагаа танд харуулж чадна. Бид тэрхүү “хамгийн эхний хундага архинаас” л хол байдаг. Хамгийн эхний хундага архи байхгүй бол арав дахь хундага архи байхгүй байх болно. Ингэж архинаас бүрэн ангижирч чадсаны дараа л бид өөрсдийнхөө амьдралыг гардан жолоодох чадвартай болно. |